Нийгмийн ухаан

Spread the love

Хүүхдийн хэрхэн зөв хүмүүжүүлэх болон гэр бүлийн эерэг орчныг яаж бүрдүүлэх талаар зөвлөсөн номын танилцуулга.

Хүнийг хайрлан хүндлэх, энэрэн хүлээн зөвшөөрөх, ойлгон уучлах, асран халамжлах, итгэн туслах зэргээр хүнийг “хүн” болгож хүмүүжүүлдэг, нийгмийг соён гэгээрүүлэх гэр бүлийн үүргийг үнэлээд ч баршгүй. Нэгэн хүүхэд зөв хүмүүжвээс нэгэн өрх дэгжихэд тусаа өгч, нэгэн өрх дэгжвэл нэгэн аймаг, хот хөгжихөд дэм болж, нэгэн аймаг, хот хөгжвөл нийт улс мандахад хүч болох учиртай. Хүүхдийн хамгийн сайн хүмүүжил бол гэр бүлийн эерэг орчин юм. Та бүхэн дараах номуудыг уншихыг хүсвэл Нисэхийн сургалтын төвийн номын сангаас ирж авна уу.

Байршил: Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал 2 давхар 220 тоот. Утас 80836918

 НОМЫН МЭДЭЭЛЭЛ:

 Гэсэр Э. Сайн эцэг байх тийм ч хэцүү биш 0-1 нас:

Хариуцлагатай редактор Б.Номин; Редактор Б.Золзаяа; Хэвлэлийн эхийг бэлтгэсэн Э.Гүнбилэг; Хавтасны зургыг Б.Төрмөнх.-УБ.: Вестлайн хэвлэлийн компани.-2020.-268х.-ISBN 978-99978-936-7-3.

НОМЫН ТАЙЛБАР:

Энэ хорвоогийн хамгийн сонирхолтой, ер бусын, нөлөө бүхий хүмүүс бол эцэг эх гэж боддог. Тэд гэр бүл хэмээх халдашгүй орон зайг бүтээж, түүн дотроо нийгмийн үнэт баялаг болох хүнийг бэлтгэдэг. Үнэлж баршгүй үнэ цэнтэй, мөн хариуцлагатай ажил биш гэж үү? Эцэг, эх хүн гэдэг бүх л амьдралын туршид өөрийн үг, үйлдэл, үйл хэргээрээ үр хүүхдүүдийнхээ өмнө бодит үлгэр загвар нь болж, тэднийг илүү сайн сайхан өөд хоёргүй сэтгэлээр хөтөлж байдаг. Энэхүү хурдан эсвэл удаан ч байж мэдэх цаг хугацааны мөчлөг дунд эцэг эхчүүд хүүхдийнхээ амьдралд хүчтэй нөлөө үзүүлдэг нэгэн онцгой цаг хугацаа гэж бий. Энэ бол хүүхэд төрснөөс хойш нэг нас хүртэлх үе юм.

/Энэхүү номонд 0-1 настай хүүхэдтэй хэрхэн үр дүнтэй харилцах, тулгарч болзошгүй нийтлэг бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэхтэй холбоотой агуулгыг багтаасан бөгөөд хосууд, эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт зориулагдсан болно/

 

НОМЫН МЭДЭЭЛЭЛ:

Гэсэр Э. Жижигхэн хүмүүсийн том ертөнцөөр: 0-1 нас:

Хариуцлагатай редактор Б.Номин; Редактор Б.Золзаяа;

Хэвлэлийн эхийг бэлтгэсэн Э.Чүнбилэг;

Хавтасны зургыг Б.Төрмөнх.-УБ.: Вестлайн хэвлэлийн компани.-2020.-228х.-ISBN 978-99978-936-8-0.

НОМЫН ТАЙЛБАР:

Эцэг, эх хүн бүр хүүхдээ чин сэтгэлийн гүнээс хайрлан халамжилдаг. Өхөөрдөм бяцхан үрээ харах тусам хайр хүрч, тансаг үнэрэнд нь сэтгэл баясана. Эцэг, эхийн үрээ хайрлах сэтгэл өөрөө аяндаа ундран гарах боловч хүүхдийнхээ нөхцөл байдал, онцлогийг ойлгох ойлголт, мэдлэг, туршлага нь хүүхэдтэйгээ үр дүнтэйгээр харилцах, түүний хөгжлийг зохистойгоор удирдан чиглүүлэхэд үлэмж хувь нэмэртэй. Бид хэн нэгнийг баярлуулахыг хүсвэл түүний хүсэл сонирхол, хэрэгцээ, таашаалд нийцсэн үйлдэл хийхийг эрмэлздэг шүү дээ. Зарим хүмүүсийн бодогчлон 0-1 насныхан гэдэг юу ч ойлгохгүй, ямар ч чадваргүй, идэвхгүй хүмүүс огт бишээ. Тэд хорвоо ертөнцийг өөрсдийнхөө өнцгөөс тольдон харж, түүнд дасан зохицож, аливаад гайхалтай хурдацтайгаар суралцаж байдаг. Хэдийгээр нялхас сул дорой мэт харагдавч үнэндээ бидний төсөөлж байдгаас ч илүү ухаалаг, чадвартай байдаг.

/Энэхүү номонд 0-1 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хөгжлийн зүй тогтол, тэдэнтэй хэрхэн үр дүнтэй харилцахтай холбоотой агуулгуудыг багтаасан бөгөөд хосууд, эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарт зориулагдсан билээ/

НОМЫН МЭДЭЭЛЭЛ:

Ада Делла Торре.  Эцэг эхчүүдийн алдаа:. УБ.: Улсын хэвлэлийн газар.-1990.-119х.

НОМЫН ТАЙЛБАР:

Зарим үед эцэг эх бид хүүхдийнхээ хүмүүжилд аль нэг шалтгаанаар их бага, алдаа эндэл гаргадгийг хүлээхээс өөр аргагүй. Гагцхүү бидний зарим нь энэ алдаагаа ухамсарлаж, засаж залруулахыг аль болохоор хичээдэг байхад нөгөө зарим нь өөрсдийгөө ямар ч гэм зэмгүй гэдэгт ягштал итгэн буруу зүйл хийж болно гэж бодохоос ч дургүйцдэг ажээ. Эх хүний өдөр тутмын халамж анхаарал, багшийн мэргэжил маань гэр бүлийн амьдралыг ажиглах дадлага туршлагаа баяжуулан, санууштай харьцуулалт хийж, зарим асуудлыг дахин шинээр авч үзэхэд хүргэсэн юм. Миний бие эцэг эхчүүдийн анхаарууштай нийтлэг алдаа, байдал төлөвийг дурдаж түүний учир начрыг нь олохыг чармайсан билээ.

Миний энэ дүн шинжилгээ бүх тохиолдлыг бүрэн хамрахгүй, зарим жишээ зохиомол шинжтэй санагдаж магадгүй, зөвхөн өөрийн хувийн туршлагад тулгуурласныг дурдья. Тэгээд ч яг адилхан айл гэр, яг адилхан ааш, араншинтай хүүхдүүд гэж байхгүй, тэр ч байтугай ихэр байлаа ч гэсэн ялгахын аргагүй адилхан юм шиг санагдавч чухамдаа яг ижилхэн нөхцөл байдал гэж огт үгүй билээ. Өөртөө шүүмжлэлтэй хандах чадваргүй байдал л бидний энэхүү ташаа үйлдэлд олонтоо хүргэдэгт анхаарал хандуулахыг эрмэлзсэн болно.

НОМЫН МЭДЭЭЛЭЛ:

 Мөнхзул БХүүхэд бүр өөр өөрийн замаар гэрэлтдэг:

Редактор Б.Номин, Б.Золзаяа;

Хавтасны зургыг Б.Төрмөнх.-УБ.: Вестлайн хэвлэлийн компани.-2020.-145х.-ISBN 978-99978-936-9-7.

НОМЫН ТАЙЛБАР:

Гэр бүлийн халуун дулаан, эрүүл харилцаа сэтгэлзүйн хувьд тогтвортой, аз жаргалтай байх хамгийн чухал үндэс суурийг тавьж өгдөг. Улмаар нэгнийгээ хайрлан халамжилж, дэмжин урамшуулдаг гэр бүлийн нэг хэсэг гэдгээ мэдрэх үедээ л хүүхэд аз жаргалыг хамгийн их мэдэрдэг байна. Гэр бүл зохиож, хүүхэдтэй болсноор бидний амьдралын хэв маяг орвонгоороо эргэж, өдөр бүрийг асуудлаас асуудлын хооронд, тэвчээр шалгасан олон бэрхшээлүүдийн дунд өнгөрүүлэх шаардлагатай болдог. Тухайн мөчид хүндрэл бүрийг даван туулах нь гол мэт санагдавч үнэндээ гэр бүлийн гишүүн бүр, нэн ялангуяа хүүхэд тань аз жаргалтай байгаа эсэх л хамгийн чухал юм шүү. Тэгвэл хүүхэд хэзээ хамгийн их жаргал мэдэрдэг бол? Тэднийг юу аз жаргалтай болгодог вэ? Доктор Халловен улсынхаа хэмжээнд урт хугацааны турш явуулсан нэгэн судалгаандаа эцэг эх нь хайрлаж, ойлгож, дэмжиж байгааг хүүхэд цаг ямагт мэдэрч байвал ирээдүйд ямар ч хүндрэл, бэрхшээлийг ажрахгүй даван туулах сэтгэлзүйн хаттай хүн болж өсдөгийг тогтоожээ. /Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага/

НОМЫН МЭДЭЭЛЭЛ:

Жон Медина. Хүүхдийн тархийг хөгжүүлэх зарчмууд:

Орчуулсан Б.Төртүвшин, Б.Чингүүн .-УБ.: 2015.-208х.-ISBN 978-99973-3-209-7

НОМЫН ТАЙЛБАР:

Эцэг эхчүүдэд хүүхдээ өсгөхөд нь уул нь зөвхөн зөвлөгөө ч биш, тодорхой баримтууд хэрэгтэй байдаг юм. Гэхдээ харамсалтай нь уул овоо шиг олширсоор байгаа эцэг эх байх тухай номуудад тэдгээр үнэн, чухал баримтууд нь тун ховор олдоно. Амьдрал дээр энэ талаарх мэдээлэл тун их байдаг бөгөөд хадам ээжээс эхлээд хүүхэдтэй хамаатан садан бүрээс зөвлөгөө ирнэ. Залуу эцэг эхчүүдийн хувьд чухам алинд нь итгэх вэ гэдэг нь хамгийн хүнд асуудал юм. Шинжлэх ухааны гайхалтай зүйлүүдийн нэг нь шинжлэх ухаан хэзээ ч аль нэг талыг нь баримталдаггүй, өөрөөр тулгалт байхгүй. Та чухам аль судалгаанд итгэх хэрэгтэй гэдгийгээ мэдмэгц л таны өмнө тодорхой ойлголт бий болж, бусад цуу ярианууд алга болох болно. Миний итгэлийг олохын тулд тухайн судалгаа миний хянуур занг даван гарах ёстой. Харин энэхүү номд орохын тулд судалгаанууд тодорхой лекцүүдэд хэвлэгдэж, тэр хэвлэлт нь дахин дахин гарсан байх хэрэгтэй болдог. Зарим судалгааны үр дүн нь хэдэн арван удаа дахин батлагдсан байдаг. Зарим тохиолдолд би дөнгөж хэвлэгдсэн судалгааг танилцуулах бөгөөд эдгээр нь тийм ч баталгаатай биш, гэхдээ цагийн аясаар шүүгдэх болно. Миний хувьд эцэг эх байна гэдэг нь тархийг хөгжүүлэх гэсэн үг юм.

НОМЫН МЭДЭЭЛЭЛ:

 Оюун-Эрдэнэ Б, Оюунсүрэн Б.  Жаргалтай гэр бүлийн хөтөч:

Редактор Д.Ууганбаатар; Номын зураач М.Амархүү; Дизайнер Д.Сэрээтэр.-УБ.:Мөнхийн үсэг.-2018.-200х.-ISBN 978-99978-2-349-66

НОМЫН ТАЙЛБАР:

Монгол улсын төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлогын баримт бичигт “Гэр бүл нь хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж, соёл, ёс уламжлал өвлөгдөн шинэчлэгдэх аж төрөх ёсны бичил ахуй мөн” гэж заасан байдаг. Мөн гэр бүлийн амьдралын төвшинг тасралтгүй дээшлүүлж, гэр бүлийн харилцаа, ёс зүйн эрүүл орчин, түүний нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар Монгол хүний хөгжлийг дэмжихэд энэхүү бодлогын эрхэм зорилго оршино гэж тодорхойлжээ. Хувь хүний төлөвшил, хүмүүжил, нийгэмшил, соёл, ёс суртахуун, зан ааш, дадал зуршил, үзэл хандлага нь бүхэлдээ гэр бүлийн орчинд бүрэлдэн боловсордог бөгөөд энэ үүднээс хүний хөгжлийн анхдагч хамгийн чухал орчин бол гэр бүл юм. Гэр бүл бол нийгмийг бүрдүүлэгч үндсэн нэгж бөгөөд нийгмийн асуудал гэр бүлд шууд тусгалаа олдог бол гэр бүлийн асуудал нь нийгэмд мөн асуудал үүсгэж байдаг. Энэ утгаараа гэр бүл нийгэм хоёр нь харилцан бие биедээ нөлөөлдөг.

Loading